5 1Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгуудын гэрч болон илчлэгдэх алдрыг хуваалцагч болохынхоо хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна. 2Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, 3өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул. 4Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна. 5Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.
6Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. 7Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл.
8Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. 9Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. 10Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдар уруу дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө та нарыг түр зуур зовсны дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. 11Ноёрхол нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.
12Энэ бол Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэл дотор бат зогс. 13Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нарт мэнд дамжуулж байна. 14Хайрын үнсэлтээр бие биетэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.